|
Урт хугацаат хөрөнгө оруулалтад хамрагдах зүйлс Урт хугацаат хөрөнгө оруулалтад эргэлтийн бус өмчийн үнэт цаас, хараат компанийн энгийн хувьцаанд оруулсан хөрөнгө оруулалт, бонд барьцаалал, өрийн бичиг зэрэг өрийн хэрэгслэлийн хөрөнгө оруулалт, бонд эргэлтээс гарах, хувьцаа худалдан авах зэрэг бусад зорилго бүхий сан, үнэ цэнийг өсгөх зорилгоор эзэмшиж байгаа үндсэн хөрөнгө, нэгдсэн компанид олгосон урьдчилгаа, нөхөрлөл болон хамтарсан үйлдвэрт оруулсан өмч, зээл ба эд хөрөнгийн хувь оролцоо гэх мэт төрөл бүрийн бусад хөрөнгө оруулалт багтана.
8.2 Үнэлгээ Урт хугацаат хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олж бэлтгэсэн өртгөөр нь дансанд бүртгэдэг. Урт хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэ цэнэ буурч байгаа тохиолдолд үнийн бууралтыг хөрөнгө оруулалт тус бүрээр тодорхойлж, балансад хүлээн зөвшөөрч тусгадаг. Урт хугацаат хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалт бүрээр нь тооцохыг шаарддаг.
8.2.1 Хувьцаагаар хийсэн хөрөнгө оруулалтыг : 1. Нэгтгэх арга (50-аас дээш хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа компанийхаа саналын эрхтэй хувьцааны 50- иас дээш хувийг эзэмшсэнээр санхүүжүүлэгч нь санхүүжигчийг хяналтандаа авч нэгтгэх аргыг хэрэглэнэ. Нэгтгэсэн санхүүгийн тайлан гэдэг нь толгой болон охин компанийн тусдаа бэлтгэгдсэн санхүүгийн тайланг үндэслэн охин компанийг хөрөнгө оруулалт хэлбэрээр толгой компанийн санхүүгийн тайланд харуулахыг хэлнэ. Нэгтгэсэн санхүүгийн тайлангийн аргыг хэрэглэх нь хууль зүйн хувьд толгой болон охин компанийг бие даасан хуулийн этгээд гэх боловч эдийн засгийн хувьд нэг нэгж гэж үздэгтэй холбоотой. Энэ тухай тусгайлсан зааврыг Санхүү, эдийн засгийн сайдын 2000 оны 99 тоот тушаалаар баталсан.
2. Капиталын арга (20-50 хүртэлх хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа компанийхаа саналын эрхтэй хувьцааны 20-50 хүртэлх хувийг эзэмшвэл санхүүжүүлэгч нь хяналт тавих боломжгүй боловч санхүүжигчийнхаа санхүүгийн болон үйл ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхээр бол хөрөнгө оруулалтын капиталын аргыг хэрэглэнэ.
3. Өртгийн арга (20 хүртэлх хувийн эзэмшил)- Санхүүжүүлж байгаа компанийхаа саналын эрхтэй хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмшвэл санхүүжүүлэгч нь санхүүжигчийнхаа болон үйл ажиллагааны үндсэн бодлогод мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадахгүй бөгөөд энэ үед хөрөнгө оруулалтыг (1) өртгийн арга, (2) өртөг, зах зээлийн үнийн аль багаар үнэлэх гэсэн аргуудаас сонгон бүртгэнэ.
8.2.2 Бонд ба бусад өрийн үнэт цаасны урт хугацаат хөрөнгө оруулалтын хөнгөлөлт буюу урамшууллын хорогдуулгаар тохируулсан өртгөөр тайлагнадаг.
8.2.3 Тодорхой зорилтыг хэрэгжүүлэхийн тулд мөнгө ба бусад хөрөнгийг нөөцөлснөөр бий болгосон урт хугацаат санг мөнгөний дүн дээр сан дахь үнэт цаас ба бусад хөрөнгийн өртгийг нэмсэнээр бүртгэдэг. Үл хөдлөх хөрөнгө ба бусад орлого бий болгох хөрөнгөөр хийгдсэн хөрөнгө оруулалтыг өртөг ба бусад хөрөнгийн адил зохист байдлаар элэгдүүлсэн дүнгээр бүртгэдэг. Нөхөрлөл ба хамтарсан үйлдвэр дэх оролцоо, итгэмжлэл ба хөрөнгийн хувь оролцоог капиталаар бүртгэдэг.
8.2.4 Эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасыг нэгдсэн өртөг буюу зах зээлийн үнийн аль багаар тусгах ба балансын өдөр тодорхойлогдсон зах зээлийн үнээс хэтэрсэн өртгийн дүнг үнэлгээний хасагдуулга гэж тайлагнана. Үнэлгээний хасагдуулгын өөрчлөлтийн дүнг балансын эзэмшигчийн өмчийн хэсэгт эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасны цэвэр хэрэгжээгүй гарз гэж тусгана. Харин худалдан борлуулсан үнэт цаасны хэрэгжсэн олз, гарзыг орлогын тайланд хүлээн зөвшөөрч тусгана.
8.3 Санхүүгийн тайланд тусгах
Урт хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн бус хөрөнгө хэсгийн дараа тусгай хэсэг болгон тайлагнадаг. Эргэлтийн бус хөрөнгийн ангилалд хамаарах хөрөнгө оруулалтыг тайланд дорхи байдлаар тусгана :
* Өртгөөр * Дахин үнэлсэн үнээр * Борлуулах хувьцааг багцаар нь тооцсон олж бэлтгэх зардал ба зах зээлийн үнийн аль багаар тус тус үнэлнэ.
Зарим тохиолдолд урт хугацаат хөрөнгө оруулалтыг боломжит үнээр нь дахин шинэчлэн үнэлдэг. Хэрэв дахин үнэлсэн дүнг ашиглахаар болбол ямар хугацаанд үнэлгээг шинэчлэж байх зарчмыг батлах хэрэгтэй бөгөөд урт хугацаат хөрөнгө оруулалтыг нийтэд нь нэг хугацаанд дахин үнэлэх ёстой .
8.4 Хөрөнгө оруулалтын дахин ангилал
Урт хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн хөрөнгө ангилалд шилжүүлэхдээ дараах үнэлгээг баримтална:
* Хэрэв богино хугацаат хөрөнгө оруулалт нь өртөг, зах зээлийн үнийн аль багаар бүртгэгдсэн бол өртөг ба дансны үнийн алв багаар үнэлнэ. Хэрэв хөрөнгө оруулалтыг дахин үнэлсэн бол дахин үнэлгээний ашгийн үлдэгдэл хэсгийг түүн дээр нэмж үнэлнэ. * Хэрэв богино хугацаат хөрөнгө оруулалтыг зах зээлийн үнээр үнэлсэн бол дансны үнээр үнэлнэ. Богино хугацаат хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэнд орсон өөрчлөлтийг орлогод тооцсон бол дахин үнэлгээний ашгийн үлдэгдлийг орлогод шилжүүлнэ.
Харин богино хугацаат хөрөнгө оруулалтыг эргэлтийн бус хөрөнгийн бүлэгт шилжүүлэн ангилахдаа өртөг, зах зээлийн үнийн аль багаар нь шилжүүлнэ.
8.5 Урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл
8.5.1 Бондоор хийсэн хөрөнгө оруулалтын бүртгэл
Худалдан авсан бондын хөрөнгө оруулалтыг худалдан авсан үнээр нь :
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Мөнгө
Эсвэл бондын хөнгөлөлт (урамшуулал)-ыг тусад нь тооцсон бол бондын нэрлэсэн үнээр :
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Мөнгө
Кт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт
Хүү төлөгдөх хугацааны дундуур худалдан авсан бондын хуримтлагдсан хүүг нэмж төлөхөөр тооцсон бол:
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Дт Хүүгийн авлага
Кт Мөнгө
Эсвэл
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Дт Хүүгийн авлага
Кт Мөнгө
Кт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт
Бондын урамшуулал болон хөнгөлөлтийг элэгдүүлсэн (хуваарилсан) дүнгээр:
Дт Мөнгө
Дт Бондоорх хөрөнгө оруулалтын хөнгөлөлт
Кт Хүүгийн орлого
Эсвэл
Дт Мөнгө
Дт Бондоорх хөрөнгө оруулалт
Кт Хүүгийн орлого
8.5.2 Хувьцаагаар хийсэн урт хугацаат хөрөнгө оруулалтын бүртгэл
ӨРТГИЙН АРГА
Санхүүжүүлэгчээс мөнгөн ногдол ашиг хүлээн авсан үед :
Дт Мөнгө
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
Санхүүжүүлэгчийн дараагийн үеүдэд хүлээн авсан ногдол ашгийн хэмжээ нь тухайн хугацааны туршид санхүүжигчийн олсон ашгаас их байвал ногдол ашгийн дүнгээр хөрөнгө оруулалтын дансны үнийг бууруулж бүртгэнэ.
КАПИТАЛЫН АРГА
Энэ нь хөрөнгө оруулалтын дансны үнэ нь санхүүжүүлэгчийн эзэмшиж буй хувьцааны хэмжээтэй шууд хамааралтайгаар санхүүжигчийн ашгийн хэмжээгээр өсөх бөгөөд санхүүжигчээс санхүүжүүлэгч нь хүлээн авсан ногдол ашгийн хэмжээгээр хөрөнгө оруулалтаа багасгадаг арга юм. Санхүүжигч компани ашигтай ажиллавал цэвэр хөрөнгө нэмэгдэх бөгөөд зарласан ногдол ашиг болон алдагдлын дүнгээр цэвэр хөрөнгө нь хорогдоно. Иймээс энэхүү өөрчлөлтийг санхүүжүүлэгч нь өөрийн хөрөнгө оруулалтын дансандаа тусгана.
Санхүүжигч компанийн цэвэр ашигт эзлэх хувийн жингийн дүнгээр :
Дт Хөрөнгө оруулалт
Кт Хөрөнгө оруулалтын орлого
Санхүүжигч компанийн цэвэр алдагдалд эзлэх хувийн жингийн дүнгээр :
Дт Хөрөнгө оруулалтын алдагдал
Кт Хөрөнгө оруулалт
Санхүүжигч компаниас хүлээн авсан ногдол ашгийн дүнгээр :
Дт Мөнгө/ Ногдол ашгийн авлага
Кт Хөрөнгө оруулалт
Дансны үнээс илүү гарсан санхүүжигчийн алдагдал.
Санхүүжүүлэгчийн хувьцааны эзэмшилд ногдох санхүүжигчийн алдагдал нь хөрөнгө оруулалтын бүртгэлийн үнээс их болбол :
1. Санхүүжүүлэгч нь капиталын аргыг ашиглахаа больж, нэмэлт алдагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байж болно.
2. Алдагдал нь хөрөнгө оруулалтын дүнгээр хязгаарлагдаагүй (ирээдүйд санхүүгийн дэмжлэг үзүүлэх баталгаатай бол) бөгөөд цаашид нэн удахгүй санхүүжигчийн үйл ажиллагаа ашигтай байхаар бол нэмэлт алдагдлыг санхүүжүүлэгч нь хүлээн зөвшөөрч болно.
ӨРТӨГ, ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНИЙН АЛЬ БАГААР ҮНЭЛЭХ АРГА
Эргэлтийн бус гэж ангилагдсан өмчийн үнэт цаасны үнэлгээний хасагдуулга дахь хуримтлагдсан өөрчлөлтийг орлогын тайланд тусгадаггүй бөгөөд балансын “эзэмшигчдийн өмч“-ийн хэсэгт тусад нь тайлагнадаг. Балансын өдрөөр эргэлтийн бус өмчийн үнэт цаасны нийт дүнг зах зээлийн үнэд бууруулах эсвэл ихэсгэж болох боловч энэ нь өртгөөс хэтрэхгүй байх ёстой.
Дансны бичилт нь :
Дт Эргэлтийн бус түргэн борлогдох өмчийн үнэт цаасны бодит бус гарз
Кт Урт хугацаат түргэн борлогдох өмчийн үнэт цаасны зах зээлийн үнээс илүү гарсан өртгийн хасагдуулга
Хувьцааны эрх
Компани нь гүйлгээнд гаргасан хувьцаандаа одоогийн эзэимшилтэй нь шууд хамааралтайгаар нэмэлт хувьцааг худалдан авах эрхийг олгодог. Хувьцааны эрхэд хуваарилагдсан үнийг тусгай дансанд бүртгэдэг бол дансны бичилт нь :
Дт Хөрөнгө оруулалт- Хувьцааны эрх
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
Харин санхүүжүүлэгч нь хувьцааны эрхээ ашиглаагүй байхад эрхийн хугацаа нь дуусвал гарз үүсэх бөгөөд хөрөнгө оруулалтыг энэ хэмжээгээр бууруулна.
Дансны бичилт :
Дт Хөрөнгө оруулалт- Хувьцааны эрх
Кт Хувьцаагаарх хөрөнгө оруулалт
8.5.3 Сангаар хийсэн хөрөнгө оруулалтын бүртгэл
Балансын урт хугацаат хөрөнгө оруулалт гэсэн хэсэгт өр барагдуулах сан, үйлдвэрлэлийг өргөжүүлэх сан, хувьцааг хүчингүй болгох сан, болзошгүй зүйлсийн сан зэрэг урт хугацаатай, тусгай зорилготойгоор байгуулсан сангууд хамаарагдана.
Сангаас үнэт цаас худалдан авч хөрөнгө оруулалт хийсэн бол өртгөөр нь :
Дт Сангаар хийсэн хөрөнгө оруулалт
Кт Сан гэж бүртгэнэ.
 |